Монгол Улсад биржийн бус зах зээлийн арилжааг албан ёсоор эхлүүлэх цан цохих ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.
Ёслолын арга хэмжээнд Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Жайка Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга Тамүра Эрико, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга Б.Өлзийбаяр, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвийн гүйцэтгэх захирал Ш.Лхагва, болон холбогдох албаны бусад хүмүүс оролцсон юм.
УИХ, Засгийн газраас санхүүгийн зах зээлд өрсөлдөөнийг бий болгох, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх чиглэлд анхаарал хандуулж байгаатай холбоотойгоор Санхүүгийн зохицуулах хорооноос шинэ тутамд үүсч байгаа санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг дэмжин, хөрөнгийн зах зээлд нэвтрүүлэхэд анхаарлаа хандуулж, бодлого, зохицуулалтаа чиглүүлэн ажиллаж байна. Үүний үр дүнд ч Сангийн яам, мэргэжлийн холбоод, дэд бүтцийн байгууллагуудтайгаа хамтран үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэх чиглэлд тодорхой ажлыг хийж гүйцэтгээд байна. Тухайлбал, Үнэт цаасны төлбөр тооцооны горим, зарчмыг олон улсын жишигт нийцүүлэн шинэчилж, DvP/T+2 дараа төлбөр тооцооны горимд амжилттай нэвтрүүллээ. Үнэт цаасны давхар бүртгэлийн систем буюу бирж хооронд үнэт цаасаа чөлөөтэй хөрвүүлж, арилжаалах орчинг бий болгосон. Мөн өнөөдрийн арга хэмжээ буюу биржийн бус зах зээлийн суурь эрх зүйн орчинг бүрдүүлж, ийнхүү үйл ажиллагааг нь эхлүүллээ.